Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ЕБС-ийн сурагчид ашиглах боломжтой боллоо.
“Eduten” платформыг Монгол Улсад туршиж нэвтрүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт БШУЯ-ыг төлөөлөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, “Eduten” компанийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Хэнри Мүүриймаа нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 50 гаруй орны 1,3 сая багш, сурагчид англи, япон, испани, португал, эстони, украйн, вьетнам зэрэг олон хэл дээр ашиглах боломжтой энэхүү ухаалаг системийг Монгол хэл дээр хөрвүүлж, хэрэглэх боломж нээгдэж байна.
“Eduten” платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай, багш нарын ажлын ачааллыг бууруулах ач холбогдолтой ухаалаг систем юм. Уг платформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.