Боловсрол, шинжлэх ухааны яам, Aзийн хөгжлийн банктай хамтран Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хороо хуралдлаа. Хурлаар төслийн 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны гүйцэтгэл, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
ТӨСЛИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС ДУРДВАЛ:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө, хүүхдийн хөгжлийг дэмжих танхимыг 4 сургууль, 4 цэцэрлэгт байгуулсан. Эдгээр сургууль, цэцэрлэгт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй 187 хүүхдэд зориулагдсан юм;
-Суралцахуйн түгээмэл загварын арга барил, зарчимд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, багшид дэмжлэг үзүүлэх арга зүйн гарын авлага, тэгш хамран сургах боловсролын соёл, бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, материал боловсруулав;
-Орчин үеийн тохирох хэрэглэгдэхүүн туслах хэрэгслийн 120 гаруй төрлийн жагсаалт, тэдгээрийг ашиглах заавар зөвлөмжийг боловсруулан гаргасан;
-Олон улсын сайн туршлагууд болон Монгол Улс дахь тэгш хамран сургах боловсролын талаарх бодлого эрх зүйн орчинг судалж, тэгш хамран сургах бодлогын зөвлөмж гаргав;
-“Тэгш хамран сургах боловсрол” оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх сургалтын модуль бэлтгэж, зорилтот орон нутгийн боловсролын хэлтэс, салбар комисс, боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, цэцэрлэг, сургуулийн дэмжлэгийн багийг чадавхжууллаа;
-Хөгжлийн бэрхшээл болон тэгш хамран сургах боловсролын чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг боловсруулж, багш, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийв;
-“Тэгш хамран сургах боловсролд хамтдаа” гарын авлага бүтээж, тэгш хамран сургах боловсролын шинэ арга хандлагын талаар эцэг эх, гэр бүлийнхэнд зориулсан сургалтуудыг зохион байгуулсан зэрэг олон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.