Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний үндэсний хөтөлбөрийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааг дүгнэх хэлэлцүүлэг өнөөдөр болж, Боловсрол, шинжлэх ухааны сайд оролцлоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дэргэд Гадаад хэлний төвийг үүсгэн байгуулж, англи хэлний багш нарыг оношлох, багш нарын зуны сургалт, сургагч багш бэлтгэх түргэвчилсэн хөтөлбөр, зөвлөх сурагч болон Welcome хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэв. Тодруулбал,
-Сургагч багш бэлтгэх эрчимжүүлсэн хөтөлбөр: Улаанбаатар дахь Бритиш сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 10 багшийг англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, заах арга зүйг хөгжүүлэх, сургагч багш бэлтгэх нэг сарын эрчимжүүлсэн сургалтад хамруулав.
-Оношлох, үнэлэх судалгаа: Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын түвшинг оношлох, үнэлэх судалгааг зохион байгууллаа.
-Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалт: ЕБС-ийн англи хэлний багш нарт зориулсан сургалт 18 аймаг, 3 дүүрэгт зохион байгуулагдаж, 42 сургагч багш сургалтыг удирдан 500 багш суралцаж сертификат авав.
-“Welcome” хөтөлбөр: ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан тус хөтөлбөрт нийт 9 дүүргийн 4 сургууль, 18 аймгийн 16 сургуулийн сурагчид хамрагдав.
-“Англи хэлний зөвлөгч сурагч” хөтөлбөр: Нийт 9 дүүргийн 15 сургууль, 18 аймгийн 35 сургуулийн сурагчид хамрагдав.
-“EXCEL” хөтөлбөр: Англи хэлний институтын багшийн мэргэжил дээшлүүлэх нэг жилийн эрчимжүүлсэн сургалттай 7 “EXCEL” хөтөлбөр хэрэгжиж байна.
-Багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр: 150 багшийг сургагч багш бэлтгэх, 90 багшийг мэргэжлийн ур чадвар ахиулах сургалтад хамруулна.
Бүх нийтийн англи хэлний боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй дээрх үйл ажиллагаанд энэ онд 3200-аад багш, 1300 сурагч хамрагдаад байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлж, багш нар, сурагчдыг чадавхжуулах, хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.