ЯПОН УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, СПОРТ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЙД К.НАГАОКАТАЙ УУЛЗЛАА

A- A A+
ЯПОН УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, СПОРТ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЙД К.НАГАОКАТАЙ УУЛЗЛАА

Цаашид Япон Улстай хамтран манай орны онцлогт тохирсон мэргэжлээр одоо байгаа 40 орчим МСҮТ, Коллежид Коосен хөтөлбөрийг хэрэгжүүлж инженер, техникийн мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилт тавина. Япон Улсаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Коосений төлөөлөгчийн газрыг үргэлжлүүлэн сунгаж ажиллуулахыг хүслээ.

Мөн Хөдөө аж ахуйн чиглэлээр Япон Улсын Ибараке мужийн Намегата хотод Монгол оюутнуудыг сургаж, эндээ дадлага хийх, цалинтай ажиллаж сайн туршлага хуримтлуулж эх орондоо ажиллах боломжийг судалсан.

Цар тахлын үед Японд суралцах Монгол оюутны тоо эрс буурч, одоогийн байдлаар 2600 орчим оюутан манайхаас суралцаж байна. Энэ тоог нэмэгдүүлж, 2027 он хүртэл цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Хоёр талын хэрэгжүүлсэн 1000 инженер хөтөлбөр хэрэгжээд дууссан. Одоо тус хөтөлбөрийн 2 дахь төслийг эхлүүлэх санал тавилаа.

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалыг хийхэд Япон Улстай хамтарч сайн туршлагыг нь судалж ажиллах нь чухал. Япон Улс "Японы ирээдүйг цогцлоох бодлого" хэрэгжүүлж эхэлжээ. Энэ өдрүүдэд Япон Улс төсвөө хэлэлцэж байна. Улсын төсвийн хамгийн том багц нь боловсролд зориулагддаг байна.

Хоёр орны шинжлэх ухаанд зарцуулдаг төсөв тэнгэр газар шиг ялгаатай байна. Уулзалтын үеэр хатагтай К.Нагаокад Монгол улсын сайн инновац бүтээсэн гарааны компаниудын бизнес төслүүд дээр хамтарч ажиллах санал тавив. Мөн АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлгийг Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны цогцолбор бүхий шинэ менежмент, хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөөгөө хэлж, хоёр тал хамтарч ажиллахаар боллоо.

Хоёр улс боловсролын салбарт Боловсролын чанарын үнэлгээг дээшлүүлэхэд бодитой хамтран ажиллах боломжтой. Монгол улс ойрын 3 жилд боловсролын чанартаа мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд Япон Улсын туршлага, сайн загварыг судлах учиртай.

К.Нагаока сайдын зүгээс манай боловсролын салбарт бүх талаар хамтран, дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлж, томоохон санхүү, хөрөнгө оруулалтын төслүүдээ Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээнд тулгуурлаж, Жайка байгууллагаар хэрэгжүүлэх нь зөв гэлээ.