Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса-тай энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр Токио хотноо уулзсан.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх хугацаанд манай улсын олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ялангуяа, эдийн засаг, нийгэм болон боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх зорилгоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөв.
Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши “Ойрын жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын Япон Улсад хийсэн айлчлалаас гадна өөрийн биеэр Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ удаад Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон Улсад айлчилж байгаа нь хоёр улсын хооронд гадаад хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйн илрэл юм. Хоёр орны ард иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэх үндэс суурь нь болдог “ХҮН”-ийг хөгжүүлэх, бүх талаар хөхиүлэн дэмждэг боловсролын салбартай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
Мөн 2022 онд тохиосон Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд олон том үйл явдал, арга хэмжээ зохион байгуулагдсанд талууд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлээд Япон Улс, Монгол Улсын хооронд байгуулсан “Стратегийн түншлэл”-ийн харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхийн төлөө цаашид нягт хамтран ажиллахаа талууд нотлов.