Хүүхдийг Ивээх Сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг эхлүүллээ. Хүүхэд хамгааллын энэ цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдах юм.
Хүн бүр хүүхдийг хамгаалах үүрэгтэй. Хүүхдүүдийн өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг сургуулийн орчинд хамтарсан баг ажилласнаар хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, цаг алдалгүй хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах боломж нэмэгдэх юм.
Төслийн зорилтот бүлэг нь сургуулиудын 700 багш, ажилтан, 13000 сурагч, 13000 эцэг эх, хамтарсан багийн 112 гишүүн болон орон нутгийн засаг захиргааны ажилтнууд байх юм. Харин төслийн үр шим хүртэгчид нь ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, сурагчид, эцэг эх асран хамгаалагчид, хамтарсан багийн гишүүд юм.