Австралийн үндэсний их сургууль 1946 онд байгуулагдсан. Австралийн төрийн өмчит тэргүүлэх 8 сургуулийн нэг юм. 22 мянган оюутантайгаас 8500 нь гадаад оюутан байна. Дэргэдээ 7 коллеж, ахисан түвшний судалгааны хүрээлэнтэй.
Австралийн үндэсний их сургуулийг Монгол улсын 90 гаруй иргэн төгссөн байдаг. Өнөөдрийн байдлаар 12 оюутан амжилттай суралцаж байна. Төгсөгчид болон оюутнуудын дийлэнх нь Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан байдаг.
Боловсрол, шинжлэх ухааны сайд болон албаны бусад төлөөлөгчид тус сургуульд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Монгол, Австралийн их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Австрали улс дахь анхны бөгөөд цорын ганц Монгол судлалын төв энэ сургуулийг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, Монгол судлалын чиглэлээр багш, эрдэмтэн солилцох, хамтарсан судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах талаар ярилцав.