МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХААИС-ИЙН ХАРЬЯА УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭНД АЖИЛЛАВ
Дархан-Уул аймаг ажиллах үеэр Хонгор суманд байрлах Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Үр тарианы элит үр үйлдвэрлэлийн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах“ хөтөлбөр болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилго, зорилтуудыг хангахад тус хүрээлэнгээс хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон.
Тус эрдэм шинжилгээний хүрээлэн нь сүүлийн жилүүдэд буудай, арвай, хошуу будаа, тритикал зэрэг үр тарианы 8 сорт, амтат чинжүү, эртийн байцаа, хулуу, брокколи, бууцай, өргөст хэмх зэрэг 8 төрлийн хүнсний ногооны 9 сорт, бөөрөлзгөнө, чавга, гүзээлзгэнэ, хөх далан хальс зэрэг жимс, жимсгэний 4 таримлын 7 сорт тус тус нутагшуулж, төмсний Атар-1, Атар-2 сортуудыг тус тус шинээр бүтээж Улсын сорт сорилтонд шилжүүлсэн юм.
Мөн хөдөө аж ахуйн таримал ургамлын нутагшсан сортын супер элит, элит үрийн үржүүлгийг эрс нэмэгдүүлж дотоодын үрийн хэрэгцээг бүрэн хангах зорилтын хүрээнд 2023 оны намар буудайн Дархан-144 сортын 350 тн супеэрэлит үр үйлдвэрлэсэн. Улмаар 2024 онд элит үрийн үйлдвэрлэлийг 5 дахин буюу 2600 тн болгон нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлээд байна.
Мөн нутагшсан сортын үр үржүүлгийг эрс нэмэгдүүлэх зорилтын хүрээнд УГТХ-д төмсний нутагшсан сортын эрүүл бичил үрийн булцуу жилд 80000-100000 ш үйлдвэрлэж байгаа нь улсын элит үрийн хэрэгцээний 40 хувийг хангаж байна. Хүнсний ногооны хувьд үндэс үрт 10 орчим таримлын үрийн хэрэгцээний 80 хувийг дотооддоо үржүүлж байна. УГТХ-ийн дэргэдэх гарааны Био-ундарга компани биологийн гаралтай Ризобактерийн болон Гуматын бордоог жилд 1200-1500 тн үйлдвэрлэх хүчин чадлыг бүрдүүлж тариаланчдад түгээж байна.
ХААИС-ийн салбар сургуулиас Монгол эрдэмтэн, инженерийн бүтээсэн инновац шингэсэн ХАА-н тоног төхөөрөмжийг танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үүний тулд ХАА-н таримал ургамлын шинэ таримал, сортуудын шинжлэх ухаан технологийн судалгааг нэмэгдүүлэх, таримал ургамлын нутагшсан сортын элит үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах ажлыг эрчимжүүлэх, үүнд шаардлагатай хөрөнгө оруулалт, бусад зардлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр БШУЯ, Сангийн Яам болон холбогдох төлөөлөгч нарт чиглэл өглөө.