МОНГОЛЫН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь 2013-2019 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн 7 удаагийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Ковид цар тахлын нөлөөллөөс үүдэн тасалдаад байсан энэхүү бага хурлын 8 дахийг энэ жил нийгэмлэгийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.
Бага хурлын үйл ажиллагаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Токио дахь төвөөс Хүний хөгжлийн газрын дэд захирал Мияако КОБАЯАШИ, мэргэжилтэн Кенго ХАЯАШИ, Гакугей их сургуулийн профессор Камата МАСАХИРО, Мацүүра ШЮ нар хүрэлцэн ирж оролцож байна.
Япон улсад 1872 онд Мэйжигийн Засгийн газар сургуулийн шинэ тогтолцоог эхлүүлж, түүний дотор “Шинэ багш” нарын хичээлд ахмад, туршлагатай багш нарын өгсөн шүүмжийг тусган сайжруулах нэгэн загвар хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү шүүмжлэлт хичээл нь хожим өргөжсөөр шинэ багшийг мэргэжлийн ур чадвартай болоход нь гол үүрэг гүйцэтгэх болжээ.
Улмаар хөтөлбөрийн агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, багшийн арга зүйг сайжруулахын тулд судалгаат хичээлийг төлөвлөх, туршин заах, хэрэгжилтийг хэлэлцэн сайжруулалт хийх энэхүү загвар олон улсад түгэн дэлгэрч, Хичээлийн судалгаа (Lesson study) хэмээх бие даасан, практик үйлийн судалгаа болон хөгжиж ирсэн байна.
Хичээлийн судалгааны үндсэн зорилго, зарчим нь Швейцарийн нэрт сурган хүмүүжүүлэгч Песталоццийн онол дээр суурилдаг бөгөөд сургуулийн зорилго бол суралцагчийн оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын хөгжил, хөдөлмөрт бэлтгэх нэгдмэл байдлыг хангах бүх талын зохицолтой хөгжил гэж үзээд, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь багш хүүхдийг ажиглаж, дараа нь дүгнэлт гарган зөвлөх, суралцагчийг өөрийнх нь бүтээсэн мэдлэг, хөгжлийн ахицаар үнэлэх зарчмаар хэрэгжих ёстой гэсэн санааг уриалдаг.
Мөн Песталоцци ангид шаардлагагүй яриа өрнүүлэхээс татгалзахыг уриалж хий хоосон ярьдаг биш, бүтээлчээр эргэцүүлэн бодоход хүргэх асуулт, хариултыг чухалчилж байжээ.
Сургалтын байгууллагын нийтлэг чиг үүрэг, эрхэм зорилго бол орчин үеийн суралцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн, сайн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх билээ. Үүний тулд сурагчдынхаа оролцоог хангасан, тэдний сонирхол идэвхийг өрнүүлсэн, эргэцүүлэн бодох, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхүйц хичээлийн сайн арга зүйгээр дамжуулан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшнийг ахиулах, сурлагын хоцрогдлыг бууруулахад энэхүү бага хуралд хэлэлцэгдэх илтгэлүүд үр нөлөөгөө өгнө гэдэгт илтгэлтэй байна.