ЖЭЙ-ДИ-ЭС ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр 22 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
JDS хөтөлбөрийн 2020-2023 оны хэрэгжилтийг дүгнэх болон 2024-2027 оны ажлыг төлөвлөх зорилгоор тус хөтөлбөрийн Монгол Улс дахь Удирдах зөвлөлийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, мөн Удирдах зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нар эдгээр өдрүүдэд Япон Улсад ажиллаж байна.
Энэ хугацаанд JDS хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнууд суралцдаг их, дээд сургуулиудад зочилж, оюутнууд болон судалгааны ажил хариуцдаг профессорууд, болон сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн оролцогч талууд болох Япон Улсын Гадаад хэргийн яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ болон Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй 2024-2027 оны хөтөлбөрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан суралцах мэргэжлийн чиглэлийг өргөжүүлэх талаар ажил хэргийн уулзалт хийж санал солилцлоо.