КОРОНАВИРУСТ ХАЛДВАР, ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс үүдэлтэйгээр ирээдүйд үзүүлэх нөлөөллийг тооцон хор хохирол хамгийн ихээр амссан салбар бол боловсрол юм гэж ДЭМБ тодорхойлж зарласан.
Монгол Улс 2019-2020 оны хичээлийн жилд нийт 75 өдөр 2020-2021 оны хичээлийн жилд 110 өдөр танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоож, зайн, цахим хэлбэрээр хичээллэсэн байна.
Цар тахлын үед олон бэрхшээлтэй нүүр тулсан ч даван гарсан боловсрол, шинжлэх ухааны салбарын сайн туршлагаас өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хуваалцлаа.
БОЛОВСРОЛ
Коронавируст халдварын альфа болон дельта хувилбар давамгайлан тархсан үед ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 5/9 зарчмаар эхлүүлсэн нь оновчтой стратеги байсныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн.
БШУЯ-наас “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлснээр 2022-2023 оны хичээлийн жилд хоцрогдлыг хичээл тус бүрээр 7-20 хүртэлх хувиар нөхөөд байна.
Ковидын дараа өсвөр насны хүүхдийн нийгэм сэтгэл зүйн асуудалд онцгойлон анхаарч 3 сургууль тутмын 1 нь сэтгэл зүйчтэй болоод байна. 2025 он гэхэд бүх сургууль сэтгэл зүйчтэй болно.
Сургуулийн үдийн цай хөтөлбөрийн Үдийн хоол болгож, бага ангийн 380 гаруй мянган хүүхэд хамрагдаж байна.
Монголын бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох төслийг 4 үе шаттай эхлүүлэн нэг болон хоёрдугаар шатны ажлууд 80%-ийн гүйцэтгэлтэй байна.
Монголын анхны цахим сургуулийг байгуулж, өнөөдөр 10 мянган сурагч 21, аймаг 9 дүүргээс холбогдон хамгийн сайн багшийн хичээлд хамрагдаж байна.
Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа шилдэг багшийн бэлтгэсэн цахим хичээлийн контентын нэгдсэн сан бүрдүүлэв.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг 100% цахимжуулж нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг 92 хувьд хүргэв.
ШИНЖЛЭХ УХААН
Засгийн газрын чиглэлийн дагуу шаардлагатай судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг нэн яаралтай эхлүүлж БШУЯ, ШУТС-ийн нийт 474 сая төгрөгийн санхүүжилт бүхий 5 шинжлэх ухаан, технологийн төсөлт ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Цар тахлын үед уламжлалт анагаах ухааны салбарын оролцоо чухал байсан. Зову-8, Лиш-6, Мана-4 гээд олон түүхий эдүүдийн хими-фармакологийн суурь судалгааг хийж эмнэл зүйд хэрэглэх нотолгоонд суурилсан үндэслэлийг гаргасан.
Биологийн салбарын эрдэмтэн судлаачдын баг шинэ төрлийн корона вирусийн халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэг биеийн урвалын (ФХЭБУ) оношлуурын цомог гарган авсан.