Боловсрол, шинжлэх ухааны сайд Дундговь аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзлаа. Багш нар нөхөн хангалтын зардал олгож байгаа, Pearson, Eduten хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн зэргийг онцлох ажил гэж нэрлэж байна.
Сайнцагаан суманд баригдаж байгаа 960 хүүхдийн сургуулийн барилга 80 хувьтай, мөн тус сумын Хүмүүнлэг сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэх талаар хөрөнгө оруулалтын саналууд тавьж байлаа.
Цэгцбилэг сургууль хүүхдийн тооноос хамаарч шинэ өргөтгөлийн барилга шаардлагатай байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагаар зураг төсвийн магадлал хийлгэж байна. Мөн байгалийн ухааны чиглэлээр төрөлжүүлэх хүсэлт гаргалаа. Тус сургууль 6-12 дугаар ангитай.
МУБИС төгсөөд орон нутагт ажиллахаар ирж байгаа залуу багш нараас шалгалт авдаг. Зарим нь 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байдаг. Тиймээс багш бэлддэг их сургуулийн хөтөлбөр дээр анхаарч өгөх шаардлагатай гэлээ.
Захирал, эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан зэрэг боловсролын салбарын ажилтнуудын үр дүнгийн нэмэгдэл олгох Засгийн газрын 252 дугаар тогтоол хэрэгжихгүй байгаа зэрэг олон асуудлаар санал тавьж, гарц шийдлүүд ярилцлаа.