ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ БОЛОВСРОЛЫН СИСТЕМД НЭВТРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР ЯРИЛЦАВ

A- A A+
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ БОЛОВСРОЛЫН СИСТЕМД НЭВТРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР ЯРИЛЦАВ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Олон улсын Код Орг /code.org/ байгууллагын төлөөлөл Пат Ён Прадиттай уулзлаа. Код Орг нь 10 жилийн өмнө байгуулагдсан, хиймэл оюун ухаан, цахим боловсролыг нэвтрүүлэх чиглэлээр 100 гаруй орны Засгийн газартай бодлогын түвшинд зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх, мэдээллийн технологийн боловсрол, орчуулга, багш нарын сургалт зэргээр хамтран ажилладаг ашгийн бус байгууллага юм.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан манай улсын боловсролын цахим шилжилт нь боловсролын гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн англи хэлний Пиерсон /Pearson UK/, математикийн хичээлийн Эдүтэн /Eduten Finland/ зэрэг хувь сургалтын платформуудыг нэвтрүүлж эхэлж байгаа талаараа танилцуулсан юм. Мөн нэгээс хоёрдугаар ангийн сурагчдад код бичих хичээлийг туршилтаар зааж эхлэхээр болсон тухай хэлээд цаашид манай улс сургалтын нэгдсэн платформ шилжих зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.

Олон улсын Код Орг байгууллага нь хиймэл оюун ухааныг боловсролын системд нэвтрүүлэх хөтөлбөрийг эхлүүлэн ерөнхий бодлогыг боловсруулж байгаа бөгөөд уг хөтөлбөрт хэд хэдэн улс нэгдээд байгаа ба манай улс хамрагдаж болох талаар уулзалтын үеэр харилцан ярилцав.