ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АСУУДАЛ, ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

A- A A+
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АСУУДАЛ, ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Манай улсын дээд боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаач, багш нар энэ өдрүүдэд салбарын тулгамдсан асуудал, шийдэл, дэлхий нийтийн чиг хандлага, Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээ, дээд боловсролын чанар, гүйцэтгэл гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцахаар цуглаад байна.

НҮБ-ын  “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалт, ЮНЕСКО-ийн Дэлхийн дээд боловсролын 3 дугаар Ерөнхий бага хурал, НҮБ-ын Дээд боловсролын 2030 он хүртэлх замын зураглал, Тогтвортой Хөгжлийн Боловсрол (ТХБ), Монголын дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд “Монгол Улсын дээд боловсролын Анхдугаар форум”-ыг НҮБ, ЮНЕСКО, БШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ЕНБД С.Болдсайхан нар оролцлоо.

Анхдугаар форумын үеэр дээд боловсролыг даяаршлын гол шинж чанаруудад хандуулан өөрчлөх, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад уялдуулах, ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэх арга замын тухайд онцгой ач холбогдол өгч хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Боловсролын шинэ багц хуулийн хүрээнд батлагдсан Дээд боловсролын тухай хууль нь суралцагч төвтэй дээд боловсролын тогтолцоо болон засаглалыг оновчтой болгох, тэргүүлэгч их дээд сургуулиудын хамтын бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн, өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин бүрдүүлэх, гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн.

“Дээд боловсролын салбарт  дүрэм, журам, холбогдох эрх зүйн актыг суралцагч төвтэй концепцод суурилан иж бүрэн шинэчлэх, сургалтын тогтолцоог орчин үеийн жишиг, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хэмжигдэхүйц болгох бодлого барихаар төлөвлөж байна. Тухайлбал, гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан дээд боловсролын чанарын хяналтын тогтолцоог иж бүрэн, оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллана. Мөн дотоод, гадаадын их сургуулийн хамтын ажиллагаа эрчимжүүлэх, их сургууль- үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжих, оюуны өмч, технологи дамжуулалтын тогтолцоог хөгжүүлэх үйл ажиллагааны үнэлгээ, дэмжлэгийн талаар цаашид гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилан ажиллах бодлого баримталж байна” хэмээн салбарын сайд Л.Энх-Амгалан форумын үеэр ярилаа.