МАНАЙ УЛС БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ОХУ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

A- A A+
МАНАЙ УЛС БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ОХУ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

ОХУ, Монголын боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 16 дугаар дэд комиссын хуралдаан энэ сарын 19-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. ОХУ болон Монгол улсын стратегийн түншлэл, боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан уг хуралдаан хоёр улсын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 25 дугаар хуралдааны өмнө болж байгаа юм. Монголын талын төлөөлөгчдийг БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цэдэвсүрэн тэргүүлж, ОХУ-ын талаас Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны орлогч сайд К.И.Могилевский болон хоёр улсын шинжлэх ухаан, боловсролын 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцов.

Дэд комиссын хуралдааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ инженер, техникийн чиглэлээр өндөр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс Оросын Холбооны Улстай хамтарсан судалгааны төслийг 2001 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 330 төслийг 600 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн талаар хэлж, хамтарсан төслүүдийн тодорхой үр дүнгийн талаар танилцуулсан.

К.И.Могилевский ОХУ-ын их дээд сургуулиудад Засгийн газрын квотоор манай улсын оюутнуудыг үргэлжлэн суралцуулж, тэргүүлэх мэргэжлээр хүний нөөц бэлтгэхэд нөөц бололцоотой талаар дурьдаад Оросын талаас их, дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд нь Монголын түншүүдтэй харилцах хамтарсан төв байгуулах, шинжлэх ухааны төсөл, боловсролын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргаж буй талаар хэллээ.

Энэ завшааныг ашиглан Константин Могилевский Монголын мэргэжил нэгт нөхдөө 2024 онд болох Оросын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 300 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Талууд хөрш оронтойгоо боловсрол, шинжлэх ухааны салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчиллаа.