Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр Мексикийн Нийтийн Боловсролын яамны Боловсролын бодлого, сайн туршлага, хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Хаймэ Сауседотой энэ 10 дугаар сарын 26-ны өдөр уулзлаа.
Уулзалтын үеэр талууд өөр өөрийн улсын боловсролын салбарын бодлогыг танилцуулж Монгол, Мексикийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
2017 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Боловсролын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, улмаар уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Мексикийн их дээд сургуулиудад Монгол оюутнуудыг хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүчний чиглэлээр сургахад хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн Монгол, Мексик судлалыг харилцан хөгжүүлэх, хоёр орны судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр санал нэгдэв.