“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд эцэг эх асран хамгаалагчдыг оролцуулах замаар чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтад Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймаг, нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төлөөлөл хамрагдав. Мөн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эмч, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй 80 орчим асран хамгаалагч оролцсон юм.
Тэд хүүхдийн сурах үйлийг дэмжсэн хичээлийн хэрэглэгдэхүүнийг энэ үеэр түгээсэн. Сургалтаар хүний ялгаатай байдал ба хөгжлийн бэрхшээл, тэгш хамран сургах боловсролын ач холбогдол, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх зэрэг ойлголт мэдээллийг өглөө.
Мөн сургалтын багийн гишүүд тухайн орон нутгийн зорилтот сургуулиудын Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаа, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж буй үйл явцтай танилцав.