(Төсөл)
Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2023 оны ..... дугаар сарын
... ний өдрийн .... дугаар тушаалын
...... хавсралm
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ,
УДИРДАХ АЖИЛТНЫГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн (цаашид сургууль гэх) багш, удирдах ажилтныг Боловсролын ерөнхий хуулийн 12.14, 12.15 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6 дахь заалтад заасны дагуу шилжүүлэн ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, мэргэшлийн зэрэг, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахгүй.
1.3. “Адил чанарын ажил” гэдэгт тухайн багш, удирдах ажилтны эрхэлж буй албан тушаалын зэрэглэл, мэргэжил, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, үндсэн чиг үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшний өөр ажлын байр, албан тушаалыг ойлгоно.
1.4.Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах хугацаа нь 2-оос доошгүй хичээлийн жил байна. Багш, удирдах ажилтантай тохиролцон шилжүүлэн ажиллуулах хугацааг нэг хүртэл хичээлийн жилээр сунгаж болно.
1.5.Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон энэхүү журамд зааснаас бусад үндэслэлээр багш, удирдах ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахгүй.
1.6.Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг, сургууль нь сургалтын менежер, багшийг шилжүүлэн ажиллуулах эсэх асуудлыг тус тус хариуцана.
1.7. Багш, удирдах ажилтныг шилжүүлэн авч ажиллуулах ажлын байр нь доор дурдсан шаардлагыг хангасан байна.
1.7.1.хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо үүссэн, сонгон шалгаруулалт зарласан боловч шаардлага хангасан хүний нөөц бүрдээгүй байх;
1.7.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д заасан хөдөлмөрлөх эрхийн маргаангүй байх;
Хоёр. Ерөнхий боловсролын сургуулийн багш,
удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах
2.1. Сургуулийн багш, удирдах ажилтныг доор дурдсан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн өөртэй нь тохиролцон шилжүүлэн ажиллуулж болно.
2.1.1.Байгууллагын болон багшийн гүйцэтгэл, сургалтын чанарыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа нь сүүлийн 5 удаагийн хөндлөнгийн үнэлгээний дүнгээр нотлогдсон сургуульд гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор мэдлэг, ур чадвар, дадлага, туршлага бүхий багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах;
2.1.2. Багш, удирдах ажилтны сул орон тоонд шаардлага хангасан хүний нөөц бүрдээгүйн улмаас хичээл, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүсэж, үр дагаврыг яаралтай арилгах зайлшгүй шаардлагатай байгаа сургуульд тухайн албан тушаалын шаардлага хангасан багш, удирдах ажилтныг шилжүүлэн авч ажиллуулах;
2.1.3.Сургуулийн удирдах албан тушаалд 10-аас дээш жил ажиллаж байгаа ажилтны туршиж хөгжүүлсэн сургалтын технологи, инновац, арга барил, туршлагыг бусад байгууллага, багш, удирдах ажилтанд түгээн дэлгэрүүлэх эсхүл удирдах арга барил, чадварыг сайжруулах, аливаа сөрөг нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд адил чанарын ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах;
2.1.4.Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, суралцагчийн тоо, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт орсоны улмаас тухайн мэргэжлийн багш, удирдах ажилтны орон тооны цомхтгол, сул зогсолт үүссэн тохиолдолд тухайн мэргэжлийн багш, удирдах ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх;
2.1.5.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлага, нөхцөл байдал үүссэн.
2.2.Томилох эрх бүхий албан тушаалтан энэхүү журмын 2.1.1-2.1.4-т заасан албан ажлын зайлшгүй шаардлагын дагуу багш, удирдах ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, шилжүүлэн авч ажиллуулах хэрэгцээ, сул ажлын байрны мэдээллийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газрын цахим хуудсанд ажлын 5-10 хоногт байршуулж зарлана.
2.3.Багш, удирдах ажилтан өөрөө хүсвэл энэ журамд заасан шаардлагын дагуу өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно.
2.4.Журмын 2.2-т заасны дагуу зарласан ажлын байранд шилжүүлэн ажиллуулах багш, удирдах ажилтан дараах шаардлагыг хангасан байна.
2.4.1.Албан тушаалын адил зэрэглэлд ажилладаг байх;
2.4.2.Тухайн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан байх;
2.4.3. Хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх.
2.5.Шилжүүлэн ажиллуулахад багш, удирдах ажилтан болон томилох эрх бүхий албан тушаалтан хооронд харилцан тохиролцож, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдэж, баталгаажуулсан байна.
2.6.Сонсох ажиллагааны тэмдэглэлд багш, удирдах ажилтан болон томилох эрх бүхий албан тушаалтны овог нэр, шилжүүлэн ажиллуулах албан тушаалын нэр, ажиллах хугацаа, хугацаа дууссаны дараа өмнө эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн томилох, шилжүүлэн ажиллуулахтай холбогдсон зардал зэрэг асуудлыг тохиролцсон байна.
2.7.Томилох эрх бүхий албан тушаалтан нь шилжүүлэх болон томилох шийдвэрийг багш, удирдах ажилтны ажилласан хугацааг тасалдахгүйгээр тооцож, ажлын нэг өдөрт багтаан гаргана.
2.8.Шилжүүлэн ажиллуулахад багш, удирдах ажилтан, томилох эрх бүхий албан тушаалтан хооронд гэрээ байгуулна. Гэрээнд тухайн багш, удирдах ажилтны ажиллах албан тушаал, хугацаа, цалин хөлс, эрхлэх чиг үүрэг, хүлээх хариуцлага, ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх, хугацаа дууссаны дараа урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, сунгах асуудлыг тодорхой тусгаж, багш, удирдах ажилтан, байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
2.9. Шилжүүлэн ажиллуулах хугацаа нь дууссан багш, удирдах ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна.
2.10.Шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссан багш, удирдах ажилтан өөрөө хүсвэл өөр ажил, албан тушаалд ажиллаж болно. Өөрийн хүсэлтээр өөр ажил, албан тушаалд ажиллах тохиолдолд энэхүү журамд хамаарахгүй.
2.11.Томилох эрх бүхий албан тушаалтан нь энэхүү журмын 2.1.1-д заасан гүйцэтгэл сайжруулах зорилгоор шилжүүлэн ажиллуулж байгаа багш, удирдах ажилтны мэдлэг, ур чадвар, арга зүй, технологи, инновациас бусад багш, ажилтан хамтран суралцах, хөгжих, туршлага хуримтлуулах нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
2.12. Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнгээр томилогдсон, энэ журмын 2.4-т заасан шаардлага хангасан багш ажилтныг шилжүүлэн ажиллуулахдаа шалгалт авахгүй.
2.13.Шилжүүлэн ажиллуулах гэрээгээр өөр ажил, албан тушаалд ажиллаж байгаа багш, удирдах ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.8-д заасны дагуу гэрээний хугацаа дуустал хэвээр хадгална.
2.14.Шилжүүлэн ажиллуулсан багш, удирдах ажилтантай тохироогүй тохиолдолд өөр байгууллага, ажил, албан тушаалд шилжүүлэхгүй.
Гурав. Бусад зүйл
3.1.Багш, удирдах ажилтныг дараах тохиолдолд шилжүүлэн ажиллахыг хориглоно.
3.1.1. ээлжийн амралттай;
3.1.2. зохих хуулийн дагуу хувийн чөлөөтэй байгаа;
3.1.3.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;
3.1.4.тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд нэг жил дутуу;
3.1.5. Ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байгаа;
3.1.6.хуульд заасан бусад.
3.2. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, томилох эрх бүхий албан тушаалтан солигдсон нь шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг хугацаанаас өмнө цуцлах, шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссан багш удирдах ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаас татгалзах үндэслэл болохгүй.
3.3.Багш, удирдах ажилтан шилжин ажиллах хугацаанд шилжүүлсэн байгууллагад бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас тухайн албан тушаалын орон тоо хасагдсан бол тухайн байгууллага нь урьд эрхэлж байсан албан тушаалтай нь адил чанарын ажлын байраар хангана.
3.4.Багш, удирдах ажилтныг шилжин ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахгүй.
3.5.Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллахтай холбогдсон зардлыг багш, удирдах ажилтан, томилох эрх бүхий албан тушаалтан харилцан тохиролцоно.
3.6. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд дагуу шийдвэрлэнэ.
--- оОо ---
Тайлбар. Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх сэлгэн ажиллуулах” журам-тай нийцүүлэн боловсруулсан.