САКСОН МУЖТАЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАВ

A- A A+
САКСОН МУЖТАЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАВ

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Саксон мужийн Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Андрей Хандшутай уулзан Саксон мужтай боловсролын салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Уулзалтаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хоёр улсын боловсролын салбарын олон жилийн нягт хамтын ажиллагаанд талархал илэрхийлж тэр тусмаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлууд амжилттай байгаа талаар онцоллоо. Мөн уулзалтын үеэр талууд:

  • Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн сургалтын хөтөлбөр, техник, технологийн баазыг урт хугацаанд бэхжүүлэх, өргөжүүлэх,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт 2’100 тэтгэлэгт хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-д 1-2 жилийн хугацаатай 1000 инженер бэлтгэх санаачилгыг дэмжин ажиллах талаар харилцан тохиров.

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамны санаачилгаар ХБНГУ-ын Саксон мужийн “Боловсролын өдөрлөг” арга хэмжээ 2023 оны 11-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгт Саксон мужийн 10 гаруй  их, дээд сургуулиудын төлөөлөл уригдан оролцож, Герман Улсад тэр дундаа Саксон мужид суралцах талаар мэдээлэл, танилцуулгыг өгөхөөс гадна үндэсний урлагийн тоглолтоос үзэж сонирхох боломжтой юм байна.

ХБНГУ-ын Саксон мужийн Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Андрей Хандшу Монгол Улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд дээр дурдсан өдөрлөгт оролцохоор хүрэлцэн иржээ.