“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД ЧЕХ УЛСАД ИРЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД ЧЕХ УЛСАД ИРЖ ЭХЭЛЛЭЭ

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол ханган МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж Бүгд Найрамдах Чех Улсад суралцах болсон оюутнуудын түрүүч 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Прага хотноо хүрэлцэн ирлээ.

Хүрэлцэн ирсэн дөрвөн оюутан Прага хотын Техникийн Их сургуульд суралцах юм. Монгол Улсаас Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх оюутнуудыг ЭСЯ-ндаа хүлээн авч уулзав. Тэрээр Прага хотын Техникийн Их сургууль нь Чех улсын тэргүүлэх их, дээд сургуулиудын нэг болохыг тэмдэглэж, орон нутгийн шилдэг сурагчаас Европын шилдэг сургуулийн оюутнууд болж байгаад баяр хүргээд сургуульдаа хичээл зүтгэлтэй сайн суралцан аав, ээжийнхээ ачийг хариулж, улс эх орон, нутаг усныхаа бахархал болж явахыг хүслээ.

Мөн оюутны амьдрал, шинээр ирсэн улс орондоо дасан зохицох талаар зөвлөв.