“СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖЛЫН МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖЛЫН МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“Сургуулийн нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сургалтыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Сургуулийн нийгмийн ажилтнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээний чанарыг сайжруулахад салбарын нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх, сургуулийн нийгмийн ажлын шууд үйлчилгээг боловсронгуй болгоход энэхүү сургалт чиглэгджээ.

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Боловсролын хэлтсийн Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нийт 65 хүн уг сургалтад хамрагдаж байна.

Сургуулийн нийгмийн ажил нь суралцагчдын суралцах үйл явцад тулгарч буй зан үйл, харилцааны болон хөгжлийн бэрхшээл, хичээлийн хоцрогдол, таслалт, үл хайхрах явдал, дарамт, хүчирхийлэл, нийгэм эдийн засгийн хүндрэл зэрэг бэрхшээлийг арилгах, даван туулахад туслах зорилготой нийгмийн ажлын үйлчилгээ юм.

Монгол Улсад нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэж эхлээд 26 жил, ерөнхий боловсролын сургуульд сургуулийн нийгмийн ажилтан албан ёсоор ажиллаж эхэлснээс хойш 20 гаруй жил болж байгаа.

2023 оны байдлаар Монгол Улсын 859 ерөнхий боловсролын сургуульд 893 сургуулийн нийгмийн ажилтан ажиллаж хүүхдэд хөгжлийн болоод хамгааллын үйлчилгээ үзүүлж байна.