Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн өргөтгөсөн хурал энэ сарын 8-ний өдөр болж 2024 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.
Тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дэд зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Дэд зөвлөлийн хуралд бүрэлдэхүүнээс гадна ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Ундрахбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, боловсролын хөгжлийн чиглэлээр болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцсон юм.
Хурлаас боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажилладаг багшийн хөгжлийг дэмжих, давтан болон мэргэшүүлэн сургах, сургалтын хөтөлбөр, үнэлгээнд тохируулга хийх, дэд бүтэц, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийхийн зэрэгцээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч боловсрох тэгш эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн ялгаатай байдлыг хүндэтгэх хүлээн зөвшөөрөх олон нийтийн эерэг хандлагыг бий болгох нөлөөллийн ажлыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.