Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна.
Чуулганд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагын 800 гаруй төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал, шийдлээ хэлэлцсэн.
Чуулганы үеэр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмын хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөө, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлж буй боловсрол, сэтгэл зүйн, эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн байдал, хохирогчид хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зочин илтгэгчид илтгэл танилцуулж, цаашид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авах талаар санал солилцлоо.