КЕМБРИЖИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ, БАГШ БЭЛТГЭХ ЗЭРЭГ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
КЕМБРИЖИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ, БАГШ БЭЛТГЭХ ЗЭРЭГ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Кембрижийн их сургуулийн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалт Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын  Элчин сайдын Яаманд болсон.

2023 онд батлагдсан боловсролын багц хуулийн хүрээнд 6 үндсэн шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тэр дундаас хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, багш бэлтгэх, хөгжүүлэх чиглэлүүдээр Кембрижийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажээ. Уулзалтын үеэр ирэх онд хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар тогтож ярилцав. Үүнд:

- 2024 онд Монгол улс хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Эхний ээлжид сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд Кембрижийн зөвлөх багтай хамтран ажиллах юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэх биш хөтөлбөрөөр дамжуулан бүх сургуулийн үйл ажиллагааг олон улсын стандартад ойртуулахаар зорьж байна.

- Багш бэлтгэх хөгжүүлэх төв байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх талаарх тодорхой зүйл заалт, зохицуулалт хуульд тусгалаа олсон. Энэ чиглэлээр Кембрижийн туршлагыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Мөн багш бэлтгэдэг их, дээд сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх ажил ч энэ хүрээнд хийгдэнэ.

- Хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэхээр ажиллаж байгаагаа мөн уулзалтын үеэр хэллээ.

Эцэст нь энэ хичээлийн жилд туршилтаар эхэлсэн, цаашид өргөжүүлэхээр зорьж байгаа төрөлжсөн ахлах сургуулийн үйл ажиллагааг тус зөвлөх багтай хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.