Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 06 дугаар сарын 09-ний А/251 дүгээр тушаалаар “Монгол дохионы хэлний хуулийн төсөл” боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс энэ сарын 14-ний өдөр БШУЯ-ны хурлын танхимд “Монгол дохионы хэлний хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр “Монгол дохионы хэлний хуулийн төслийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандах судалгаа, хуулийн үзэл баримтлалын болон хуулийн төсөл” –ийг хэлэлцүүлж холбогдох байгууллага, иргэдээс санал авлаа.
Хэлэлцүүлэгт БШУЯ, Боловсролын Ерөнхий газрын тэгш хамруулах боловсролын хэлтэс, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, ХНХЯ-ны төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний нийгмийн төлөөлөл, Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн төлөөлөл, сонсголгүй хүүхдийн эцэг эх, 29 дүгээр сургуулийн багш хамт олон, монгол дохионы хэлний хэлмэрчид, ба хэлмэрчээр суралцаж буй оюутны төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийг БШУЯ болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, Тэгш Тусгал ТББ-ын “Монгол дохионы хэлний адилслын бэхжүүлэх төсөл” –ийн баг хамтран зохион байгуулсан.
Оролцогчид “Монгол дохионы хэлний хуулийн төсөл”-д үнэтэй санал, зөвлөгөө өгч, амьдралд тулгардаг бодит жишээг баримтаар нотолж хуулийг батлах хэрэгцээ сонсголын бэрхшээлтэй 12000 иргэнд зайлшгүй тулгарч байгаа тухай ярьж байсан юм. Мөн Монгол дохионы хэлний хуулийн төсөл нь монгол дохионы хэл хэрэглэгчдийн болон гэр бүл, асран хамгаалагчдын эрхийг хангах нэн чухал хуулийн төсөл болж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.