Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, Охайогийн Их сургуулийн профессор, доктор Мэттью Брок манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад ажилласан үр дүнгийнхээ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон тэгш хамруулах боловсролын багийнханд мэдээлэл өгөв. Тэрээр тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн бөгөөд Монголын Аутизмын Холбооны урилгаар ирж ажиллажээ.
Доктор, профессор Мэттью Брок Монгол Улсад тэгш хамруулах боловсролын талаар эцэг эхчүүд тодорхой ойлголттой болсон нь сайн үр дүн гэдгийг онцлоод цаашид нэгж байгууллагуудад ажиллаж буй хүмүүстэй уулзаж, тэднийг сонсох нь чухал гэдгийг хэлж байв. Мөн хүмүүст тулгарч буй практик үйл ажиллагааг бодлогод тусгах хэрэгтэйг сануулсан.
Уулзалтын үеэр тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн доктор, профессор Мэттью Брок:
- Ерөнхий боловсролын сургуулиуд Багшийн туслах ажиллуулж эхэлсэн нь сайшаалтай. Ихэвчлэн тухайн хүүхдийн эцэг эх нь багшийн туслахаар ажиллаж байгаа нь ажиглагдсан. Тиймээс эдгээр хүмүүсийн цалин, нийгмийн баталгааг тодорхой болгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ байна.
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ тусдаа бичиг баримт болжээ. Ажил, төлөвлөгөө хоёр салангид, зорилго хэт ерөнхий, хүрэх үр дүн, түүнд хүрэх алхмаа тодорхойлдоггүй нийтлэг дүр төрх ажиглагдлаа. Сар бүр ажлаа тайлагнах нь ачааллыг нэмж байна. Зөвхөн нэмэгдэл авахын тулд л тайлагнадаг, төлөвлөгөө санхүүгийн баримт хэлбэрээр ашиглагдаж байгаа нь энэ бүхний үндэс болж байна.
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд эцэг эхийн оролцоо сул байна. Үүнээс шалтгаалж хүүхдээ үнэлэх, эцэг эх, багшийн ойлголт зөрдөг.
- Дэмжих баг зөвхөн цаасан дээр ажиллаж байна. Яг багшдаа хэрхэн туслах аргаа олоогүй тохиолдлууд ажиглагдсан. Хүүхдийнхээ онцлогт тохирсон цагийн зохицуулалт хийх хэрэгцээ байна
гэх мэтчилэн өөрт ажиглагдсан мэдээллүүдээ хуваалцсан юм.
Доктор, профессор Мэттью Брок 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 09:00-13:30 цагийн хооронд "Аутизмтай сурагчийг ЕБС-д тэгш хамруулан сургах тухай практик зөвлөмжүүд" лекцээ Боловсролын ерөнхий газар пэйж хуудсаар дамжуулан багш, мэргэжилтнүүд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх юм байна.