ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН ӨНГӨРСӨН 30 ЖИЛД 4688 СУДАЛГААНЫ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН ӨНГӨРСӨН 30 ЖИЛД 4688 СУДАЛГААНЫ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Шинжлэх Ухаан, Технологийн Сангийн 30 жилийн ойн баярын хурал энэ сарын 9-ний өдөр  “Чингис хаан” үндэсний музейд болов. Арга хэмжээний үеэр 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, "Шинжлэх ухаан 2023" сэтгүүлийн тусгай дугаарыг уншигчдын хүртээл болгожээ. Ойн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцон шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд оролцогч, бүтээгч, ур шимийг нь хүртэгч нийт иргэд, хамтран зүтгэгчдэд Шинжлэх Ухаан, Технологийн Сан үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ.

Тэрээр салбарын эрх зүйн орчинг сайжруулж, шинжлэх ухаан, технологи, инновацийн олон талт оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшил эрдэм шинжилгээний байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгож бүтээмжийг нэмэгдүүлэх замаар улс орны хөгжилд шинжлэх ухааны салбарын оруулах хувь нэмрийг өсгөхөд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Засгийн газрын 1993 оны 192 дугаар тогтоолоор Шинжлэх Ухаан Технологийн сан байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, үр дүнг нь нийгэмд нэвтрүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тус сангаас нийт 4688 судалгааны төслийг 156.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж шинэ онол, теором 328, ашигтай загвар 324, патент 384, шинэ технологи 877, стандарт 973, шинэ бүтээгдэхүүн 790, шинэ арга, аргачлал 787, техник технологийн туршилтын загвар 273, гадаадын импакт фактортай мэргэжлийн сэтгүүлд 5838 өгүүлэл тус тус хэвлүүлсэн үр дүнтэй байна. Шинжлэх ухаан, технологийн сангийн хамт олон цахим технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлж, судалгаа боловсруулалтын ажлын тайланг ил тод болгон, ур дунг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх apra хэмжээг хэрэгжүүлэн ажилласаар байна.

Баярын хурлын үеэр Шинжлэх ухаан, технологийн сангийн зарим мэргэжилтнүүдийг Шинжлэх ухааны академи, БШУЯ-ны жуух болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.