СУРАГЧИД ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ SORIL.EEC.MN ЦАХИМ СИСТЕМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

A- A A+
СУРАГЧИД ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ SORIL.EEC.MN ЦАХИМ СИСТЕМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

ЕБС-ийн I-XII ангийн сурагчид SORIL.EEC.MN цахим сорилын системээр өөрийгөө үнэлэх боломжтой болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээллээ.

Боловсролын багц хуулийн шинэчлэлээр 6 том реформ хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО юм. Боловсролын чанарыг зөв хэмжиж байж оновчтой бодлого боловсруулан, бодитойгоор хэрэгжүүлнэ гэж тооцож байна. Тиймээс 2021 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд

  • Олон улсын сурлагын амжилтын үнэлгээ PISA
  • Гүйцэтгэл, үр дүнгийн үндэсний үнэлгээ
  • Сургууль, багшийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэхээр ажиллаж байна. Үүн дээр өнөөдөр
  • “СУРАГЧИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ”-ийг шинээр нэвтрүүлж байгаа юм.

Сурагчид өөрийн регистрийн дугаараар SORIL.EEC.MN рүү нэвтэрч монгол хэл, математикийн хичээлийн агуулгаар өөрийн түвшинг тогтоох боломжтой. Тухайн сар, улирал, жилд үзсэн хичээлийн агуулгаар өөрийн түвшинг тогтоох бөгөөд хоцрогдсон агуулгын хичээл рүү дамжиж орох холбоос байршуулсан. Ингэснээр энэ систем нь түвшин тогтоохоос гадна хоцрогдол нөхөх давхар ач холбогдолтой.

SORIL.EEC.MN өөрийн үнэлгээний системийг эцэг, эх, асран хамгаалагчид мөн ашиглах боломжтой. Сонгогдсон хэсэгт аав ээжүүд өөрийн мэйл хаягийг бүртгүүлснээр хүүхдийнхээ сурлагын амжилтын мэдээллийг тогтмол хүлээн авах боломж бүрдэж байна.

Системийн хөгжүүлэлт үргэлжилж байна. Энэ хавар гэхэд бусад бүх хичээлийн сорил, нөхөх агуулгын холбоос байршина. Цаашид МЭДЛЭ цахим хичээлийн сангаас гадна олон улсын болон дотоодын хичээлийн платформууд ч холбогдох юм. Өнгөрсөн 7 хоногт нээсэн энэ системд давхардсан тоогоор 75 мянга орчим хүүхэд ханджээ.