УЛСЫН ХЭМЖЭЭНД 233 ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 337 СУРГУУЛЬ, 250 ДОТУУР БАЙР ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

A- A A+
УЛСЫН ХЭМЖЭЭНД 233 ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 337 СУРГУУЛЬ, 250 ДОТУУР БАЙР ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар /2024.01.16/ төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

Сайд Л.Энх-Амгалан, уг асуудлыг дөрөв дэх удаагаа танилцуулж байгаагаа онцолж, дөрвөн үе шаттай хэрэгжиж буй төслийн аймаг, сум дахь явцын дэлгэрэнгүй тайланг Улсын Их Хурлын бүх гишүүнд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 30 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна. Төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн идэвх, санаачлагаар, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ. Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутамд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд төсөл хэрэгжинэ. Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжинд 172 объектод ажил гүйцэтгүүлэх гэрээлэгдсэнээс 116 нь ашиглалтад орсон. Байнгын объектийг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон боловч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектын ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжинд 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон. Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан гэсэн юм.