“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” шалгаруулах ёслолын ажиллагаа болж БШУЯ-ны дэд зөвлөл “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр шалгарч цом өргөмжлөлөө гардан авлаа.
Энэхүү арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах журмын хүрээнд тодруулдаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. 5 дахь удаагаа зохион байгуулж буй энэ арга хэмжээг бид нийгэмд таниулах зорилгоор илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна. Оны шилдэг шалгаруулах арга хэмжээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр бий болсон сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад сэдэл, тэмүүлэл бий болгох олон ач холбогдолтой. Шилдгээр шалгарсан байгууллагууд ч гэсэн цаашид амжилтаа бататган, илүү ихийг хийж бүтээхийг хүсье” хэмээн нээлтийн үеэр хэлсэн юм.
БШУЯ-ны дэд зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүрэх хэд хэдэн ажлыг хэрэгжүүлжээ. Тухайлбал:
- Боловсрол, шинжлэх ухааны салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
- Бүх шатны сургалтын байгууллагын хүртээмжтэй орчин, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг үе шаттай зохион байгуулах,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх боловсролын үйлчилгээг сайжруулахад анхаарч ажилласан байна.
БШУЯ-аас хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэглэгдэхүүн, сурах бичиг, явуулын багшийн сургалтын жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйг түгээх зэрэг ажлыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс гадна олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлж, 19 төрийн бус байгууллагатай хамтарч ажиллажээ.