Олноо өргөгдсөний 14 оны 1-р сарын 19 /1924.02.14/-нд Гэгээрлийн яам байгуулсан тухай Дотоод яамны айлтгал бичигт: “Монгол Улсын Засгийн газрын Ардын гэгээрүүлэх яамны тамгыг хамаарсан эрхэлсэн түшмэл Батханд илгээв”. “Цагаан сарын Шинийн 8 бөгөөд Аргын улирлын 2-р сарын 13-нд манай Дотоод яамнаас айлтгасан нь Ардын гэгээрүүлэх яамыг байгуулахаар тогтож, сайд, түшмэлийг тохоон томилсон явдлыг хичээнгүйлэн нугалбар өчиж айлтгаад .. хошуу, шавийн зэрэг олон газар бага сургуулийг түүгээр байгуулан мэдэгдсээр бөгөөд ...
Нутгийн захиргаанаас дүрэм ёсоор хошуу бүр сургуулийг нээн байгуулбаас зохихоос гадна манай засгийн газраас сургуулийн хэргийг чухал болгон ард олныг нийгмээр нь бичиг эрдэмд боловсруулан гэгээрүүлэхийг гол болгож бүхий тул энэхүү их хэргийг манай нэгэн хэлтсээс зорилгод тавтай нийлүүлэн сургуулийг хоосон үгний чимэг болгохгүй, харин сайнаар эрхлэн явуулахад үүрэг нь үнэхээр хүнд болох дээр чухал хэргийг хийдүүлэхэд хүргэх тул бүх сургуулийн хэргийг эрхлэн захирах тусгай газар байгуулбаас зохих болов уу? хэмээх санааг илтгээд...
Энэ хэр улсын сан асар арвижин чадаагүй тул арвилах хэмнэхийг эрхэмлэн буй учир Судар бичгийн хүрээлэнтэй нийлүүлэн тусгай яам болговоос сургуулийн хэрэгт их л тустай болох ба санхүүд арвитай болох болов уу? хэмээх боловч нийлүүлэх, эсэхийг Засгийн газар лавлан тогтоож зохих ... хэлэлцээд ёсоор болгон баталж, “Монгол Улсын Ардын засгийн Ардыг Гэгээрүүлэх Яам” хэмээн нэрийдэж, тамга олгуулах ба Засгийн газрын 55-р хурлын 8-р зүйлд / Орон тоо, цалин хэрэглэлийг тогтоох комиссыг урьд нь томилон ажиллуулсан/ Яамны эрхэлсэн сайд, Зөвлөх түшмэл, Эрхэлсэн түшмэлд нэжгээд орон, хэн хэнийг тохоох явдлыг зохих газар явуулан хянан хэлэлцүүлж, ...
Яамны сайдад Гүн Жамьян, Зөвлөх түшмэлд Жамсранов, Эрхэлсэн түшмэлд Батхан нарыг тус тус сонгон тогтоохоор тогтож... Гүн Жамьянгийн бие энэ завсар Судар бичгийн хүрээлэнгийн хэргээр Бээжин зэрэг газраа одсон зүйл бий тул түүний биеийг хүрч иртэл тамга, хэргийг Эрхэлсэн түшмэл Батхан дор хамааруулан хэргийг шийтгүүлсүгэй” гэжээ.
Дээрх баримтуудаас харахад, Жамьян гүнг Бээжинд албан ажлаар явах зуурт тус яамны эрхэлсэн түшмэл Эрдэнэбатхан сайдын үүрэгт ажлыг түр хамааран / хавсран/ гүйцэтгэсэн ба Жамьян гүн Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар 1924 оны 2 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл ажилласан байна.
Жамьян гүн сайдаар ажиллах хугацаандаа ардын гэгээрлийн цаашид хэрэгжүүлэх талаар олон санаачлагыг гаргаж, улсын бага сургууль, ардын сайн дурын сургуулиудын ажлыг өргөжүүлж, оюутны сургуулийг Багшийн сургууль болгон өргөтгөснөөр орчин цагийн боловсролын тогтолцооны суурь болох “сургуульсурагч-багш” гэсэн тулгын гурван чулууг тулжээ. Энэ үед нягтлан бодох, хоршоо, мал эмнэлэг, сувилагчийн, хууль цаазын мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн байна.
Ардыг гэгээрүүлэх яамнаас Засгийн газар, Улсын их хурлуудад илтгэсэн тайлан илтгэлд дурдсанаар “Нийслэл болон аймаг хошуудад 12 бага сургуулийг 600 сурагчтайгаар, Улаанбаатарт дунд сургууль нэгийг тус тус байгуулсан” бол 1925 оны намар улсын хэмжээнд 25 сургуульд 1550 сурагч суралцаж байжээ. Сургууль гэгээрлийн ажил өрнөхийн хэрээр хөвгүүд охид сургуульд суралцах болж, тэдэнд сургалтад ашиглах сурах бичгүүд дутагдаж байлаа. С.Жамьян сайд хүүхэд багачуудыг монгол үсэгт сургах “Цагаан толгой оршвой”, “Монгол үсэгт сургах цагаан толгой” дэвтэр, “Монгол үсэгт сурах ба хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн боть хэмээх цагаан толгой оршвой” зэрэг сурах бичиг, “Тоо бодлогын анхан сурагчдын зам хэмээх бичиг” хэмээх сампин бодлогын номыг өөрөө зохиож гаргажээ.