“Нээлттэй инновац ба хамтын бүтээл – Монгол 2023” буюу “MICS 2023” арга хэмжээ өндөрлөлөө. MICS форумд шалгарсан 10 баг менторинг хөтөлбөрийн үр дүнгээ энэ үеэр танилцуулж хөрөнгө оруулагчид болон нийт гадаад, дотоодын оролцогчдоос өндөр үнэлгээ авлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд багууд 8 олон улсын болон дотоодын тэмцээн, хөтөлбөрт амжилттай оролцож нийт 671 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч Монголын нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.
Хөтөлбөрийн Тэргүүн хамтын бүтээлээр шалгарсан ИНМО Студио стартап нь Япон улсын Тохоку Фүкүши их сургуулийн профессор Кавасакитай хамтран сэргээн засах эмчилгээний шинэ бүтээгдэхүүнийг хөтөлбөрийн хугацаанд амжилттай туршин бодит үр дүнг гаргаж манай улсын хувьд шинэхэн бий болж буй венчур сангуудаас өндөр үнэлгээ авч үргэлжлүүлэн санхүүжилт авах боломжоо нээлээ.
Мөн Taб Солюшн компанийн “1000 оюутан, 1000 цагийн ажлын байр” төсөл нь 2800 гаруй оюутныг цагийн ажлын байранд OneDayJob аппликешнаар дамжуулан зуучилсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн залуу эмч нарын санаачилгаар “Эрүүл аав ээж – эрүүл хүүхдүүд” төслийг Е-клиник стартаптай хамтран амжилттай хэрэгжүүлж 8 видео контент бүтээж тун удахгүй VOO үйлчилгээгээр дамжуулан хүргэхээр ажиллаж байна. Мөн боловсролын хүртээмжийг сайжруулах Шинэ Монгол Академийн Edu-mics төсөл нь хөдөө орон нутгийн 20 гаруй сургуульд хүрч ажиллан, багш сурагчдад шаардлагатай заавар зөвлөгөөг өгчээ.
Түүнчлэн МICS хөтөлбөрийн хүрээнд 02 сарын 07-ны өдөр “UB Start up Day” арга хэмжээг Улаанбаатар инновацын төвд зохион байгуулж Япон улсын Shibuya Start-up Support, Gotanda Valley, Plug and Play хурдасгуур хөтөлбөрүүд болон Монголын хурдасгуур төвүүдийн 10 стартапууд өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулж Монгол Японы инновац болон стартапуудын экосистемийн хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлэх эхлэлийг тавилаа.