2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн онол” сургалтыг зохион байгуулав. Сургалтад Баянзүрх, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 200 гаруй оролцогч хамрагдсан юм. Оролцогчид:
Монгол улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголтыг хэрхэн тусгасан, түүнийг хэрэгжүүлэхэд юуг анхаарч ажиллах;
Хүүхэд бүрд нээлттэй, хүртээмжтэй цэцэрлэг, сургууль болохын тулд хүүхдийн суралцахуйн хэв маяг болон суралцахуйн түгээмэл загварыг хэрхэн сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх;
Суралцагчийн танин мэдэхүй, бие бялдар, хэл яриа, харилцаа, өөртөө үйлчлэх чадварын бодит байдлын үнэлгээ хийх;
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэгийн орчныг (судлагдахууны хүрээнд, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, засан сайжруулах үйл ажиллагаа) бүрдүүлж ажиллах;
Хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр боловсруулах (өөрчлөх, тохируулах) арга зүй ба үнэлгээ хийх;
Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх мэдлэг, чадвартай болж, хэрэгжүүлэх арга зүйн талаарх ойлголт, мэдлэгээ бататгалаа.
Энэ удаагийн сургалтыг Боловсролын ерөнхий газар, Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Мэдрэлийн эсийг зураглах аргын сэтгэц заслын “Ухаарахуй төв” ТББ хамтран зохион байгуулжээ.
Сонирхуулахад, “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ.