Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн түүх нийгмийн ухааны багш Д.Пунцагбалжир Төв аймагт хэрэгжиж буй “Багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдлаа.
Багшийн тасралтгүй хөгжлийн тогтолцооны нэг хэсэг нь Мэргэжлийн хөгжлийн бүлгийн /МХБ/ үйл ажиллагаа байдаг. Багш нар мэргэжлийн хөгжлийн бүлэг байгуулснаар багшлахуй болон суралцахуйд гарсан бэрхшээл, тулгамдсан асуудлаа хамтран шийдэх замаар ажлын байранд харилцан суралцаж, хөгждөг билээ.
Д.Пунцагбалжир нь Хөвсгөл аймгийн түүх, нийгмийн ухааны судлагдахууны бүлгийн ахлагч юм. Тэрээр бүлгийн багш нарынхаа суралцахуйн зорилтын хүрээнд цахим ур чадвараа хөгжүүлэх, даалгаварт анализ хийх зэрэг ажлын явц, үр дүнг Төв аймгийн багш нарт танилцуулж, асуудал тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, хамтран хичээл төлөвлөх, зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажиллаж, харилцан суралцаж байна. Туршлага судлах, харилцан суралцах замаар хэрэгжиж буй “Багш солилцооны хөтөлбөр”-ийг Боловсрлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ч.Гажиддулам чиглүүлэн ажиллажээ.
Мөн энэ үеэр Төв аймгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч нарын төлөөлөл, мэргэжилтнүүдэд Хөвсгөл аймгийн түүх, нийгмийн ухааны судлагдахууны МХБ-ийн үйл ажиллагааг танилцуулж, судлагдахууны бүлгийн асуудал, шийдвэрлэх арга замыг хэрхэн төлөвлөн хэрэгжүүлж байгаа, бүлгийн ажилд тулгамдсан асуудал гарч байгаа эсэхийг тодруулан ярилцлаа.