ФИЛИППИН УЛСЫН ШИЛДЭГ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
ФИЛИППИН УЛСЫН ШИЛДЭГ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, БШУЯ-ы төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар Филиппин Улсын Себу хотын англи хэлний сургуулиудын төлөөллийг  хүлээн авч уулзлаа.

Талууд боловсролын хуулийн хүрээнд хэрэгжих англи хэлний хөтөлбөрийн дагуу хамтран ажиллах боломж болоод “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлж, чадавхжуулах зэрэг хэд хэдэн асуудлаар харилцан санал солилцов.

БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Монгол Улсын Боловсролын Ерөнхий хуулийн шинэчлэлээр ирэх хичээлийн жилээс англи хэлний хичээлийг ЕБС-ийн гуравдугаар ангиас орох хөтөлбөр хэрэгжинэ. Хууль эрх зүйн орчин бүрдсэн энэ чухал үед Филиппин Улсын Себу хотын шилдэг англи хэлний сургуулиудын шийдвэр гаргах түвшний удирдлагууд манай улсад айлчилж байгаад баяртай байна. Дээрх англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд ЕБС-ийн багш нарыг мэргэшүүлэх, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаардлага бидэнд тулгарч байгаа. Тиймээс бид та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллах боломжийг судалж үзэх болно” гэлээ.

Мөн уулзалтын үеэр Филиппин Улсын англи хэлний сургуулиудад суралцах багш, сурагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах, нислэгийн тийзний хөнгөлөлт болон шууд нислэг үйлдэх зэрэг хэд хэдэн асуудалд талууд хамтран ажиллах боломжийг судлахаа илэрхийлсэн юм.