“Шүд эрүүл бол бие эрүүл” аяны нээлт боллоо. Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд энэхүү аяныг эхлүүлж байгаа ажээ.
Аяны нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 200 гаруй эмч танхимаар, хөдөө орон нутгийн эмч нар цахимаар оролцсон. Оролцогчдод амны хөндийн эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, боловсролын хуулийн шинэчлэл, эмчийн ажиллах чиг үүргийн талаар мэдээлэл өглөө. Мөн шүд, амны хөндийн эрүүл ахуйн асуудлууд, урьдчилсан сэргийлэлт, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв хооллолтын талаар илтгэл сонсч, тулгамдаж буй асуудлаа ярилцсан юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбарт ажиллан хүүхэд багачуудын эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцож яваа эмч нартаа талархаж байна. Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нийт хүн амд зохион байгуулахад 3 хүүхэд тутмын хоёрт 1-ээс дээш шүд цоорсон эмгэг илэрч байгаа нь зайлшгүй анхаарах асуудал болж байна. Хүүхэд багачуудад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулахад эмч та бүхний үүрэг оролцоо маш чухал юм. Тиймээс “Эрүүл шүд” арга хэмжээг амжилттай зохион байгуулж эерэг үр дүн авчрахын төлөө хамтдаа хичээн ажиллацгаая” гэлээ.