“СУРАЛЦАХУЙД СУРАЛЦАХУЙ” ЦОГЦ ХИЧЭЭЛИЙГ ҮНДЭСЛЭГЧ Др.БАРБАРА ОАКЛИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+
“СУРАЛЦАХУЙД СУРАЛЦАХУЙ” ЦОГЦ ХИЧЭЭЛИЙГ ҮНДЭСЛЭГЧ Др.БАРБАРА ОАКЛИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Олон улсад боловсролын системээ өөрчлөхөд үнэ цэнтэй зөвлөгөө өгдөг дэлхийд танигдсан нэр хүндтэй эрдэмтэн, Окландын их сургуулийн профессор Др.Барбара Оаклиг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.

Др.Барбара Оакли нь STEM, хүмүүнлэгийн салбарт олон жил ажиллан, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг эрдэмтэн юм. Түүний суралцахуйн чиглэлээр бичсэн 10 гаруй ном нь дэлхийн олон улсад хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээлийн жагсаалтад хүндтэй байр суурь эзэлдэг. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  манай улсад зочлон суралцахуйн чиглэлээр өөрийн судалж мэдсэн туршлагаа хуваалцан үнэтэй зөвлөгөө өгч байгаа Др.Барбара Оаклид талархлаа илэрхийлэн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар саналаа солилцлоо.

Др.Барбара Оаклигийн бичсэн “Шимтэн сурахуй” номыг МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн багш Дэд профессор Б.Алтангэрэл, Дэд профессор  Д.Золжаргал, Доктор У.Лхагвасүрэн, Дэд профессор С.Соёлжин  нар монгол хэлнээ орчуулан, Профессор Д.Бадарч, Доктор П.Лхагвасүрэн нар хянан шүүж уншигчдын гарт хүрээд байгаа юм.

Ихээхэн цаг хугацаа зарцуулж сурсан ч үр дүнд хүрэхгүй байвал, уншсан зүйлсээ эргэж санахад амаргүй байвал, судлах гэж байгаа зүйл тань уйтгартай, анхаарал төвлөрөхгүй хойш тавиад байвал түүний бичсэн “Шимтэн сурахуй” номыг уншиж болох юм байна. Нейро судлал, когнитив (танихуйн) сэтгэл судлалын ойлголтод тулгуурлан, сурч байгаа чиглэлээс тань үл хамааран сурах чадвараа сайжруулах эрчимжүүлсэн арга техникийг энэ номоос судалж болох ажээ.

Др.Барбара Оаклигийн “Суралцахуйд суралцахуй” сэдэвт цогц цахим хичээлийг олон улсад нээлттэй заадаг бөгөөд сая сая хүн түүнээс хэрхэн үр дүнтэй суралцахыг сурч байна.