БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

A- A A+
БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш хичээлээ төлөвлөх, үнэлгээ хийх, нэмэлт контент бэлтгэхэд хиймэл оюуныг ашиглах боломжийг бүрдүүлж tAI виртуал туслахыг хөгжүүлж, сургалтын байгууллага бүрийг өндөр хурдны интернэттэй, суралцагч бүрийг ухаалаг ангитай, багш бүрийг компьютертэй болгох зорилт тавин ажиллаж байгаа юм.

Энэхүү ажлыг эрчимжүүлэхээр салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээллийн технологийн, үндэсний хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтад “Bolorsoft”, “MLUB” зэрэг компани, төрийн бус байгууллага, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Хэл зохиолын хүрээлэнгийн төлөөлөл, хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид байлцлаа. Тэд боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, компаниудын хөгжүүлж буй “large language model”-ийг боловсролын салбарт хэрхэн уялдуулах боломжийн талаар харилцан ярилцаж санал солилцлоо.  

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн уулзалт мэдээллийн технологийн үндэсний компаниудын хөгжүүлж буй платформ, контентуудад монгол эх хэлийг зөв хэрэглэх, технологийн дэвшлийг ашиглан боловсролын хүртээмж, үр дүн дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж харж байна. Боловсролын салбарыг хөгжүүлэхэд цахим технологийг тууштай ашиглан, цахимаар суралцах олон талт үйл ажиллагааг бид дэмжих болно” хэмээн уулзалтын үеэр хэллээ.