ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөл өргөн барихтай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Шинжлэх ухааны үндэсний зөвлөлийг даргалдаг болсон бөгөөд Засгийн газар Шинэ сэргэлтийн 6 бодлогын хүрээнд шинжлэх ухааны оролцоо ямар байх вэ гэдгийг тодорхойлоод байна. Шинжлэх ухааны үндэсний зөвлөл хэд хэдэн удаа хуралдаж Монгол Улсын хөгжлийн гарц шинжлэх ухаан инновацид тулгуурлана гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлаас анх 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн хэдий ч өнөөдрийн эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа шинжлэх ухаан, технологийг хөгжил, бодлого чиглэл, түүний үйл ажиллагааны удирдлага, менежмент, хатуу болон зөөлөн дэд бүтэц, нөөцийг удирдахад энэхүү хуулийн хүрээн дэх эрхзүйн зохицуулалт, хэм хэмжээний заалт бүрэн хамарч чадахгүйд хүрсэн.

Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон тооны бодлого, эрх зүйн баримт бичгийг Улсын Их Хурал, Засгийн газраас батлан хэрэгжүүлсэн боловч хөрөнгө, санхүү, хүний нөөцийн хомсдол, салбарын удирдлага, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо оновчгүй байгаа, шинжлэх ухаан, технологийг зөвхөн нэг салбарын асуудал байдлаар зохицуулж ирсэн нь тус салбарын үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хязгаарласан, хөгжлийн урт, дунд хугацааны баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт зорилтот үр дүндээ хүрэхгүй байх гол шалтгаан гэж дүгнэж байна.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар  шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан.  

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ гэлээ.