ИХ СУРГУУЛИУДЫГ ОРОН НУТГИЙН НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ БОЛГОХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

A- A A+
ИХ СУРГУУЛИУДЫГ ОРОН НУТГИЙН НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ БОЛГОХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслол боллоо. Лаборатори, номын сан, семинарын өрөө, лекцийн танхимаас бүрдсэн 5766 ам метр талбай бүхий өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох, ногоон концепц бүхий хотхоны зохион байгуулалтаар хөгжүүлэх, БШУЯ-ны бодлого бодитоор хэрэгжинэ.

Мөн өндөр чадал бүхий  лабораторийн тоног төхөөрөмжийг сургалт, судалгаанд ашиглахаас гадна аж үйлдвэрүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, сургалт-судалгаа-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төв болох юм.

Шав тавих ёслолын үйл ажиллагааны үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын Засгийн газрын Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, БШУЯ-ны Боловсролын салбарыг 2021-2023 онд хөгжлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөнд дээд боловсролын сургалт, судалгааны ажлыг олон улсын жишигт хүргэх, судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх, холбогдох зохицуулалтын механизмыг сайжруулах, судалгааны соёлыг төлөвшүүлэх ажлуудыг бүхий л талаар дэмжихээр тусгасан байдаг. Энэ утгаараа хоёр улсын Засгийн газрын хамтарсан энэхүү төсөлд Монгол Улсын Засгийн газар, БШУЯ хариуцлагатай хандаж үүргээ ямагт биелүүлсээр ирсэн” гэдгийг онцоллоо.

2019 онд Сангийн яам, ХБНГУ-ын KFW банк хооронд гэрээг байгуулсан энэхүү төслийн нийт зээлийн хэмжээ 22.6 тэрбум төгрөг ба үүнийг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн өргөтгөлийн барилга, тоног төхөөрөмж зэрэгт зарцуулахаар тусгаад буй.