Монгол Улсын БШУЯ, Монос групп, Эм Зүйн Шинжлэх Ухааны их сургууль, БНСУ-ын Өмнөд Кёнсон муж, Ёндок аймаг, Дэгү Хааны их сургууль хамтын ажиллагааны 6 талт санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ёслол БШУЯ-нд /2024.04.18/ болов.
Санамж бичгийн хүрээнд, "Уламжлалт анагаах ухааны торгоны зам" олон улсын хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх юм. Энэхүү төсөл нь улс хоорондын хөгжил дэвшил, соёл, боловсрол, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, судалгаа инновацыг дэмжих, хоёр улсын цаашдын уламжлалт анагаах ухааны хөгжлийг олон улсад таниулан сурталчлах ач холбогдолтой.
Энэ тухай БНСУ-ын Кёнбук хойд мужийн захирал И Чоль Ү хэлэхдээ, “Монгол, Солонгос орон V-VI зууны үед торгоны замаар дамжин соёл, технологийн идэвхтэй солилцоотой байсан. Үүнд үндэслэн хоёр орны зургаан байгууллага энэхүү төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Дэлхийн шилдэг уламжлалт анагаах ухааны боловсрол, уламжлалт анагаах ухааны эрдэнэсийн санг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улстай хамтран хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа хөгжүүлэлтийг хийх хүсэлтэй байна. Энэхүү олон талт хамтын ажиллагааны санамж бичиг хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, харилцан хөгжих боломжийг бүрдүүлэх юм” гэдгийг онцлов.
Төслийн хүрээнд Монос групп, ЭЗШУИС-ийг түшиглэн олон улсын судалгааны төв байгуулах, багш судлаачдыг бэлтгэх, чадавхжуулах, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, хамтын бүтээл гаргах, эмийн ургамал тарималжуулах ухаалаг фермийн технологийг нутагшуулах, улмаар уламжлалт анагаах ухааны эх сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн жорыг инновацын бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтойг талууд илэрхийллээ.
БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, “БНСУ эмийн технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр өндөр түвшинд хүрсэн. Монгол Улсын тухайд уламжлалт анагаах ухааны салбар өөрийн онцлогтой, инновацын бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд гаргах боломжтой. Тиймээс Монголын уламжлалд суурилсан технологийг дэлхийн дэвшилтэт технологитой хослуулан инновацын бүтээгдэхүүн бий болгох бололцоотой. Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн нэг нь уламжлалт анагаах ухааны салбар юм. Санамж бичгийн хүрээнд Монголын тэргүүлэх эмийн үйлдвэрлэл, эмийн зах зээлд манлайлан ажиллаж буй Монос групп, БНСУ-ын умард бүсийн шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургуулиуд хамтран ажиллана. Зүүн Азийн зах зээлд уламжлалт технологи, бүтээгдэхүүн гаргахад БНСУ-тай хамтран ажиллах эхлэл ийнхүү тавигдаж байна” гэв.
Дэгү Хааны их сургуулийн захирал Бён Чан Хүн хэлэхдээ, “Манай сургууль Монос групптэй хамтран ажиллаад 10 гаруй жил болж байна. Санамж бичгийн хүрээнд Монос групптэй хамтран олон улсын судалгааны төв байгуулах, эмийн ургамлыг тариалах чиглэлээр дэвшилтэт судалгаа шинжилгээг хийнэ. Мөн олон улсын хамтын ажиллагааны зөвлөл байгуулж байна. Ингэснээр уламжлалт анагаах ухааныг хэрхэн хөгжүүлэх, оюутан, багш солилцоо, судалгаа шинжилгээ, сургалтыг зөвлөлдөж шийдэх юм” гэв.
“Уламжлалт анагаах ухааны торгоны зам” төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг