ШИНЭ ЗАЛУУ БАГШ НАРЫГ АХМАД БАГШ НАРТ ДАГАЛДУУЛАН СУРГАНА

A- A A+
ШИНЭ ЗАЛУУ БАГШ НАРЫГ АХМАД БАГШ НАРТ ДАГАЛДУУЛАН СУРГАНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон БШУЯ, БЕГ-ын холбогдох хүмүүс энэ өдрүүдэд Орхон аймагт ажиллаж байна. Өнөөдөр Орхон аймгийн боловсролын байгууллагуудаас өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмад багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

Аймгийн хэмжээнд 750 орчим ахмад багш байгаагаас 16 нь Монгол Улсын Гавьяат багш юм. Орхон аймгийн хэмжээнд залуу багш нарын ажлын байрны шилжилт хөдөлгөөн их байна. Боловсролын салбараас өөр салбарт, сургуулиас сургууль дамжих шилжилт хөдөлгөөнийг багасгах, тогтвортой ажиллахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд ахмад багш нартай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Боловсролын салбарт сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогыг танилцуулж, тус аймгийн боловсролын үзүүлэлтийг нэг бүрчлэн танилцуулсан юм. Ахмад багш нар Монгол хэлний хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, “Би Монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргалаа. Түүнчлэн нэгдүгээр ангийн сурагчдыг анх элсэхэд сургуулийн орчинд нь дасгах чиглэлд анхаарах шаардлагатай гэлээ.