“Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд “Эрдэм хакатон-2024” тэмцээн 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийн Захиргааны II байранд болсон юм. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган аймгаас нийт 34 төсөл бүртгүүлжээ. Үүнээс хоёрдугаар шатанд 20 төсөл тэнцэн эцсийн шалгаруулалтад өрсөлдөж, шилдэг 3 төсөл шалгарлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грантын эзнээр хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт зориулан шинээр загварчилж бүтээсэн “МОНГОЛ ПАССИВ ХҮЛЭМЖ” төслөөрөө биогенетикч Г.Батбуян шалгарав.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг цусан дахь глюкозын хэмжээг тогтворжуулах үйлчилгээтэй, ургамлын гаралтай биологийн идэвхт уусдаг бэлдмэл үйлдвэрлэх “АНТИ САХАР-4” төсөл (Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн судлаачид);
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг арьс шир, ноос, нэхмэл бүтээгдэхүүнийг угаах, эмульсжүүлэх үйлчилгээтэй эх орны нөхөн сэргээгдэх түүхий эд буюу рапсын тосноос гарган авсан гадаргуугийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх “BUBBLE TECH” төсөл (ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачид) тус тус хүртсэн.
Тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрдэнэт-Шинжлэх Ухаан технологийн парк, “Стартап Монгол “ТББ ажиллажээ.