ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.02/ хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 60 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Э.Батшугар, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ч.Ундрам, Н.Учрал, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулжээ.

Ажлын хэсгээс

  • Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг хүний амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжил, улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байхаар тодорхойлох;
  • Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхой болгох;
  • Шинжлэх ухаан технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад Татварын хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх; 
  • Шинжлэх ухаан технологийн хүний нөөцийг бэлтгэх, шинжлэх ухааны шинжилгээний ажилтан, түүний нийгмийн баталгааг хангах; 
  • Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн журам, захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулах талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг онцолж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Б.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Мөн Улсын Их Хурлын дарга төслийн 13 дахь санал буюу 31 дүгээр зүйлд 31.4 дэх хэсэг нэмэх асуудалд гүйцээн боловсруулах чиглэл өгсөн бөгөөд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.