Өнөөдөр /2024.05.10/ Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Япон улсын Шинагава дүүргийн захирагч Морисава Кёоко, “ЖАЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт:
- Хүний нөөцийн солилцоо, хүний хөгжлийг дэмжих
- Дүүргийн аж ахуйн нэгж, боловсролын байгууллага хоорондын технологийн хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа,
- Гарааны бизнес болон бусад бизнес эрхлэхийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааны чиглэлд хамтран ажиллах агуулгыг багтаажээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал уулзалтын үеэр манай улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогуудад туссан салбарын ажлыг хэрэгжүүлэх, Монгол оюутан залуусыг Шинагава дүүргийн үйлдвэр аж ахуй нэгжүүдэд дадлага хийх, хөдөлөмөр эрхлэх, бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх болсонд талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн “КООСЭН” төвүүдийг орон нутагт байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдаад, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд итгэлтэй байгаагаа хэлэв.
Шинагава дүүрэгт аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш Коосэн Технологийн коллежийн 20 гаруй төгсөгч ажиллаж байна.
ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл (1000 Инженер)", "DX Business Contest (DXCUP2024)"-ийн хүрээнд Монгол дахь Коосэн Технологийн коллеж, их дээд сургуулийн оюутны хөгжлийг дэмжихэд өнөөг хүртэл хамтран ажиллаж ирсэн юм.