МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ОЮУНЫ ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭЭР БАЙНА

A- A A+
МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ОЮУНЫ ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭЭР БАЙНА

Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VII чуулга уулзалт болж байна. Энэ удаагийн уулзалтыг “Нээлттэй шинжлэх ухаан-Залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.

Өөрчлөгдөн даяаршиж байгаа энэ нийгэмд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Хиймэл оюун ухаан, цахим шилжилт, и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг түгээх, улмаар шинжлэх ухааны нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын шинжлэх ухааны салбарын залгамж халаа болсон залуу судлаач, эрдэмтдийн оролцоо чухал. Тэр утгаараа энэхүү чуулга уулзалтыг дөрвөн жил тутам зохион байгуулж, санал зөвлөмж гарган хэрэгжүүлж байна.

2019 онд зохион байгуулсан өмнөх чуулга уулзалтаар яригдсан санал, зөвлөмжүүд биеллээ олж, Монголын Улсын шинжлэх ухааны салбарын үзэл баримтлалын шинэчлэл, Хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрх зүйн орчинд хуульчлах, и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг оролцогч талуудад түгээх, тогтвортой хөгжил дэх шинжлэх ухааны оролцоо зэрэг санал, зөвлөмж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр дамжин хэрэгжиж, бодит ажил болсоор байна.

Залуу эрдэмтэн судлаачдын Шинжлэх ухааны бага олимп гэж нэрлэж болох “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 19 дэх удаагаа амжилттай зохион байгуулж, тус хуралд оролцогч залуусын тоо жил ирэх тутамд нэмэгдэж сүүлийн 2 жилд 500 гаруй судлаачдын бүтээл хүлээн авч 100 гаруй илтгэл хэлэлцүүлэн 28 судалгаанд грант олгожээ. Уг хурлын грантын хэмжээ 4 сая төгрөг байсныг 2022 оноос эхлэн 10 сая төгрөг болгон өөрчилсөн бол Докторын дараах залуу судлаачдын грантын 10 сая төгрөгийг энэ жилээс 20 сая төгрөг болгон Монголын залуу эрдэмтэн судлаачдын оюуны үнэлэмжийг нэмэгдүүлсэн.

Түүнчлэн жил бүрийн Инновацын 7 хоногоор судлаачдын англи хэлний чадавхыг сайжруулах, олон улсын түвшинд бүтээлээ түгээх, танилцуулах дэмжлэг үзүүлэх Англи хэл дээрх “BEST PAPER AWARDS” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд дотоодын болон хөрш орнуудаас залуу эрдэмтэд хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлдэг болсон. Иймээс энэ үйл ажиллагааны шагналын санг нэмэгдүүлэн 30 сая төгрөг болгоод байна.