Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон баталлаа.
Энэхүү конвенц 2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар батлагдсан нь Нэгдсэн үндэстний байгууллагаас дээд боловсролын салбарыг хамарсан анхны дэлхийн хэмжээний гэрээ болсон байна.
Конвенцод Австрали, Япон, Франц, Норвег, Швед, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Эстони, Литва, Армени зэрэг дэлхийн 22 улс гэрээнд нэгдэн орсон бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 5-нд Дэлхийн конвенц хүчин төгөлдөр болжээ.
Конвенцод нэгдэн орсон улс орнуудын дээд боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог юм байна. Мөн зайны сургалтаар олж авсан иргэний мэргэшил, өмнө нь суралцсан болон суралцах хугацааг хүлээн зөвшөөрөх, шилжин суурьшсан иргэд насан туршийн боловсрол, сургалтад хамрагдах боломж бүрдэх юм.
Манай улс Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон баталж, нэгдэн орсноор дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа батжин, бүс нутаг хоорондын инновацыг дэмжих, чанарын баталгаажуулалтын тогтолцоо, соёл төлөвших, уялдаа холбоо, чадавх бэхэжнэ. Түүнчлэн монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрч, цаашдын суралцах, ажилд орох боломжийг олгодог нийтлэг зарчмууд хэрэгжих ажээ.
Мөн дээд боловсролын тогтолцоо, эрдмийн зэрэг, цол, чанарын баталгаажуулалтын талаарх үнэн зөв мэдээллийг ил тод, хүртээмжтэй байлгах үүднээс дээд боловсролын мэдээллийг нэгтгэх, түгээх, олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх үйл ажиллагааг Боловсролын чанарын баталгаажуулалт магадлан итгэмжлэлийнй байгууллага хэрэгжүүлж, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх, судалгаа үнэлгээ хийх, баталгаажуулах санг бүрдүүлэн ажиллана.