Боловсролын сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн Ерөнхий Боловсролын "Эрдмийн өргөө” сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж тулгамдсан асуудал болон боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлаа танилцууллаа.
Уулзалтаар Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлтийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлд 51-ээс дээш хүүхэдтэй 200 орчим бүлэг байна. Тэгвэл ирэх есдүгээр сараас эхлэн нийт 5 цэцэрлэгийг 1680 хүүхдийн суудалтай бага ангийн сургууль болгон ашиглах боломжтой.
Цэцэрлэгийг бага ангийн сургууль болгон ашиглахад хэд хэдэн давуу тал байгааг онцоллоо. Үдийн хоол үйлдвэрлэх зориулалтын гал тогоо, ариун цэврийн байгууламж зэрэг стандарт хангасан байгаа тул багийн бага сургуулийн зарчимд бүрэн нийцэж байна.
Энэ жил СХД-ийн 29-р хорооны Москва хороолол орчимд нийслэлийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн зориулалтаар засварласан барилгыг төрийн өмчид шилжүүлж авчээ. Энэхүү байранд 153-р сургуулийн 1,2 дугаар ангийн 16 бүлгийн 598 сурагч хоёр ээлжээр хичээллэж байна. Хэрэв энэхүү цэцэрлэгийн барилгыг нэмэлтээр ашиглаагүй бол тус сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байжээ.
Үе шаттай хотхоны бага сургуулийг ачаалал өндөртэй дүүрэг, бүсүүдэд хэрэгжүүлснээр 2028-2030 он гэхэд анги дүүргэлийн ачаалал бодитоор буурна гэж тооцоолж байна. Мөн Эрдмийн өргөө сургуулийн багш ажилтнууд энэ сараас эхлэн нэмэгдэл цалин урамшууллаа бодитоор үнэлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ нь цаг тухайд нь ажлаа гүйцэтгэсэн багшид ажлын ачаалал нэмэхгүй байгааг тэдний төлөөлөл онцолж байна.
.jpg)