Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/-ны "Ойн тогтвортой менежмент ба био эдийн засаг” хөрөнгө оруулалтынхаа хүрээнд салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ

A- A A+
Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/-ны

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/-ны ахлах ажилтан Жан Филип Стийнс, ойн мэргэжилтэн Александр Хорст тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Европын Холбооны “Global Gateway” стратегийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ойн тогтвортой менежмент ба био эдийн засаг” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны явц, төслийн удирдлага, бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар танилцуулав.

Европын хөрөнгө оруулалтын банкнаас энэхүү хөрөнгө оруулалтынхаа хүрээнд Монгол Улсын ойн салбар, менежментийг дэмжихээс гадна энэ чиглэлд ажиллах хүний нөөцийг бэлтгэх бүрэлдэхүүн хэсгийг санхүүжилтэд тусгах тул Боловсролын яамны бодлого, байр суурь чухал байгааг онцолж байна.

Хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт чухал салбаруудад хүний нөөцийг бэлтгэж, чадавхжуулах нь чухал ач холбогдолтой.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир салбарт суралцах, бэлтгэгдэх суралцагчдын тоог нэмэгдүүлэх, зарим хөтөлбөрийг сэргээх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дадлагын бааз бий болгон хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар хосмог сургалтыг зохион байгуулах зэрэг чиглэлээр бүрэлдэхүүн хэсэгт тусгаж, уг төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.