АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Япон, Солонгос, Монгол Улсын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Вилозол болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуульд байрлах Англи хэлний мэргэшлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 онд Монголд айлчлах үеэрээ "US-Mongolia English Initiative" хөтөлбөрийг санаачлан эхлүүлж, энэхүү англи хэлний мэргэшлийн төвийг нээж, 2025 оноос үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлсэн.
Тус төв нь МУИС-ийн номын санг түшиглэн нээж, сургалтын өрөөнүүдийг АНУ-ын дэмжлэгтэйгээр орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсан байна.
Төвөөс зохион байгуулж буй бүх сургалтууд үнэ төлбөргүй, нээлттэй явагддаг онцлогтой.
- Их, дээд сургуулийн багш нар: Төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний багш нарын эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадварыг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмжийг сургалтад ашиглах, англи хэл болон хиймэл оюун ухааны хосолсон ур чадварыг дээшлүүлэх.
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нар: ЕБС-ийн ахлах ангийн англи хэлний багш нарын заах ур чадварыг нэмэгдүүлэх. Багш нарын ур чадварыг сайжруулах, хөтөлбөр төлөвлөгөөг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хичээлийн жилд давхардсан тоогоор ойролцоогоор 2400-2500 орчим багш, оюутанд, Их, дээд сургууль, ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлд давхардаагүй тоогоор нийт 150 орчим багшид үйлчилгээ үзүүлжээ.


